Sunday, May 11, 2014

Судалгаа...судалгаа

“Хаббл” дурангийн судалгаанаас
Сансрын “Хаббл” дуран (англиар Hubble Space Telescope) нь дэлхийн агаар мандлын гадна талд байрлуулсан 2,4 м-ийн голточтой автомат дуран юм. Америкийн одон оронч, орчлон судлалыг үндэслэгч Эдвин Хабблын нэрээр нэрлэгдсэн энэ төсөл нь Америкийн сансрын агентлаг НАСА ба Европын сансрын агентлагийн хамтарсан төсөл юм. Дуранг сансарт байрлуулснаар цахилгаан соронзон долгионы дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаггүй тэр мужуудад, ялангуяа нэл улаан мужид долгион хүлээн авах боломжтой болдог. Агаар мандлын нөлөө байхгүй үед дурангийн хүчин чадал газар дээрхээс 7-10 дахин илүү байна. Хаббл дуранг ашиглан одон орончид орчлон судлалын талаарх таамаглалуудыг баталснаа гадна олон тооны шинэ дүгнэлтүүдийг хийсэн. Эдгээрээс товч дурьдвал:  

Нарны аймгийн судалгаа 
Сансар огторгуйд хязгаар байхгүй. Харин энэ хязгааргүй агуу Орчлон доторхи бидний хамгийн ойрын төрөл садан бол – манай Нарны Аймгийн биетүүд билээ. Эдгээр биетүүд болон манай дэлхий бүгд нэг үүсэлтэй нэг хувь заяатай. Манай Нарны Аймаг одоогоос 4,5 тэрбум жилийн өмнө асар том хий тоосны үүлнээс бүрэлдэн бий болжээ. Хувь заяаны эрхээр, бидний үүслийн шууд шалтгаан нь аль нэг ойрхон орших одны халуун цөмийн дэлбэрэлт байж болзошгүй юм. Энэ дэлбэрэлтийн асар их эвдлэн сүйтгэх хүч хий тоосны үүлэн дэх тэнцвэрт төлөвийг эвдэн бодисын ихэнх хэсгүүд төв рүүгээ шахагдан нягтарч, үр дүнд нь шинэ од буюу манай Нар үүсч, харин бодисын үлдсэн жаахан хэсэг нь өнөөдөр бидний харж байгаа гарагуудыг үүсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, бид ердөө л манай Нар үүссэний дараахь үлдэгдэл юм. Гарагууд манай эх од “Нар” бий болсны дараа үлдэж хоцорсон хий тоосноос бүрдсэн эргэлдэгч зээрэнцэг дээр, хатуу гарагууд нь нарны аймгийн төвд ойрхон, харин оньсого мэт аварга хийн гарагууд төвөөс нэлээд хол бүрэлдэн тогтжээ. Үүний дараа Нарнаас, эсвэл зэргэлдээх однууд, аль эсвэл ойрхон дэлбэрсэн хэт шинэ одны зүгээс салхилах иончлогдсон атомуудын салхи сийрэгжсэн хий тоосон үүлний сүүлчийн үлдэгдлүүдийг цэвэрлэж, зөвхөн томоохон гарагууд л хийн бүрхэвчээ хадгалан үлдэж чаджээ. Иймд манай Нарны аймаг дахь тэнгэрийн эрхсүүдийн цуглуулганд чулуулаг ертөнц, мөн аварга хийн гарагууд аль аль нь багтана.
- Манай нарны аймагт хичнээн биет, бодисууд, цаашилбал яг хэдэн гараг байдаг тухай нарийн тооцоо одоо хүртэл байхгүй. 20-р зууны 30-аад онд Дэлхий ван гараг болон түүний дагуул Хароныг нээсний дараа тэнд 9 дэх гарагийн цаана ямар нэг юм байгаа эсэхийг одон орончид тооцоолохыг оролдсоор иржээ.
2003 онд Хаблл дуран алсын оддыг бодвол харьцангуй их хурдтай хөдөлж байгаа, манай нарны аймгийн объект байж болзошгүй нэгэн биетийг ажиглажээ. Гараг гэж болохоор хэмжээтэй гэж тооцоолоод түүнийг эскимосын эмэгтэй бурхан Седнагийн нэрээр нэрлэв. Седна ойролцоогоор 1500 км диаметртэй, энэ нь Дэлхий ваны хэмжээний дөрөвний гуравтай тэнцэх боловч дэндүү алс хол байрладаг тул Хаббл дуранд ч жижиг толбо мэт харагддаг байна. Гэсэн хэдий ч энэ бол дэлхий ванг нээснээс хойш манай нарны аймагт олдсон хамгийн том объект юм. Седна Нарнаас 15 тэрбум км-ийн цаана оршдог нь Нар Дэлхий хоёрын хоорондох зайнаас даруй 100 дахин их. Седна дээр Нарны гэрэл дулаан бараг очихгүй, мөнхийн бүүдгэр өвөл ноёрхоно.
Гэвч Седна нарны аймгийн цорын ганц нууцлаг биет бас биш юм. Гарагууд бүрэлдэн тогтсоны дараа үлдсэн үлдэгдлүүд янз бүрийн хэлбэр, хэмжээ бүхий бага гараг, сүүлт однуудын хэлбэрээр нарны аймаг дотор энд тэндгүй аялан явж байдаг. Зарим үед тойрог зам нь тэднийг сүйрэлд хүргэдэг ч талтай. Хаббл дуран Шумахер-Леви 9 гэдэг сүүлт одны сүүлчийн замын гэрч болж хэрхэн сүйрснийг нь буулгаж авсан байдаг. Шумахер-Леви 9 сүүлт од 1992 оны зун аварга том Бархасбадь гарагийн хажуугаар өнгөрч явахдаа түүний татах хүчний нөлөөнд орж хэдэн зуун хэсэг салан бутарсан ч 2 жилийн дараа үлдэгдлүүд нь буцан ирж Бархасбадийн агаар мандал руу шууд нэвтрэн орсон юм. Хаббл энэ сүүлт одны үлдэгдлүүдийг эцсийн замд үдэн тэдний Бархасбадь гараг дээр үлдээсэн шарх, сорвинуудыг харуулсан сэтгэл өвдөм зургуудыг бидэнд явуулсан юм. Энэ бол манай Дэлхий ч ийм  гэмтэл авах бүрэн магадлалтай гэдгийн тод баримт юм.
Хаббл бидэнд нарны аймаг руу харах цонхыг нээх өөрийн хосгүй үүргээ гүйцэтгэсээр байна. Алслагдсан газруудын нарийн судалгааг хангах үүднээс бид нарны аймгийн бусад гарагуудад тусгай тоноглогдсон сансрын зондуудыг байнга илгээдэг. Хабблын тусламжтайгаар бид бусад гарагууд дээр болдог шуурга, улирал солигдох үзэгдэл, манай дэлхий дээр туйлын туяа гэж нэрлэгддэг агаар мандлын үзэгдэл болон бусад давтагдашгүй хосгүй үйл явдлуудыг буулган харж чадаж байна. Цаашдаа ч манай нарны аймаг бидэнд олон өөр гэнэтийн бэлэгнүүд барих нь тодорхой. Түүний зэрэгцээ Хаббл өөр гарагийн систем, өөр амьдрал хайхаар бусад однууд руу ч хандах ёстой болдог. Одон орончид эхлээд дэлхийтэй адил гарагийг хайж олоход анхаарлаа төвлөрүүлж байв. 2001 онд Хаббл анх удаа нарны аймгаас гадагш орших гарагийн агаар мандлыг ажиглан бүтцийг нь хэсэгчлэн тодорхойлсон. Нарны аймгийн бус гарагийн агаар мандлын химийн бүтцийг тодруулах, тухайлбал, бүх амьд амьтад амьсгалдаг, энэ нь агаар мандлын бүтцийг өөрчилдөг учраас энэ өөрчлөлтийг ажиглан тогтоосноор бид нэгэн цагт харь гараг дахь амьдралын шинж тэмдгүүдийг олох боломжтой болох юм.
Одон орончид манай галактикт, манай нарны аймаг шиг эх одоо тойрон эргэдэг гарагийн системүүд маш олноороо байдаг гэж таамагладаг. Оддын төрөх, амьдрах, мөхөх, дахин төрөх нь хязгааргүй давтагдах бөгөөд хий тоосноос төрсөн однууд хэдэн сая, хэдэн тэрбум жил гэрэлтэн амьдарч байгаад мөхөж дахин шинэ од төрүүлэх хий тоос болон хувирдаг. Энэ эцэс төгсгөлгүй үйл явцын дагалдах бүтээгдхүүн бол амьдрал оршин тогтнох боломжтой гарагууд ба химийн элементүүд юм.

Оддын амьдрал
Манай Дэлхий дээрх амьдралыг тэтгэгч Нар бол бидэнд хамгийн ойрхон од, манай галактикийн бусад олон тэрбум оддын нэгэн адил жирийн л нэг од юм. Од бол асар том гэрэлтэгч хийн бөмбөлөг. Тэрээр шахагдсан хийн үүлнээс үүсч бүх л амьдралынхаа туршид түүний цөмд явагдах халуун цөмийн гинжин урвалаас ялгарах энергийг цацаргаж амьдарна. Ихэнх оддод устөрөгчийн бөмбөгтэй адил үр дүнд нь устөрөгч гелий болон хувирдаг халуун цөмийн шаталт явагдана. Үнэн хэрэгтээ, одод бол цөмийн гинжин урвалын хэлхээнд хөнгөн элементүүдийг хүнд элементэд тасралтгүй дахин хувиргаж байдаг үйлдвэр юм. Бүх түлшээ өөрөөр хэлбэл устөрөгчөө дуусгах хүртлээ тэд гэрэлтсээр байна. Оддын амьдрал энэ бол чимээгүй эхлэл, тайван амьдрал, төгсгөл.
Гэхдээ нар болон бусад одод хүнээс хэдэн сая дахин илүү жил амьдардаг юм бол шиг бид оддын амьдралыг зөв төсөөлж байна гэдэгтээ яаж итгэлтэй байж болох вэ? Газар дээрх ямар нэг амьд организмын амьдралыг судлахын тулд түүний ямар нэг төлөөлөгчийг бүх амьдралынх нь турш дагаж мөрдөх шаардлага бидэнд байдаггүй. Үүний оронд олон тооны ийм организмыг нэгэн зэрэг ажигласнаараа түүний амьдралын циклийн янз бүрийн мөчлөгүүдийг харж болно. Жишээ нь, хүн нэг бүрийн амьдралын үе шат болгон хүн төрөлхтөний бүхий л амьдралын туршлагын ул мөрийг хадгалсан байдаг. Одод ч мөн түүнтэй адил.
- Одод хэдэн сая, тэрбум жил амьдарч, мөхдөг. Бүр хамгийн урт настай одод хүртэл хүн төрөлхтөний бүх түүхэн хугацаанаас дор хаяж хэдэн сая жил илүү насалсан байдаг. Ийм ч учраас тусгайлсан одод нэг бүрийн насны өөрчлөлтийг ажиглан тандаж чадах нь чухал. Оддын тухай ихийг мэдье гэвэл оддын амьдралын үе шат бүр дээрх янз бүрийн оддын жишээг олж, төрөхөөс мөхөх хүртэлх дараалалд нэгтгэн байрлуулах ёстой. Хаббл дурангийн авсан зурагнуудад одод төрж байгаа сэтгэл хөдлөм өнгө тодролтой нарийн хэсгүүдийг буулган харуулсан байна.
Одод үүсэн төрж байгааг ажигласнаар бид яг л цаг үеийн машин ашиглан манай нарны аймгийн үүслийн дүр зургийг сэргээн босгох боломжтой. Хабблд эдгээр мэдээллийг хүлээж авахын тулд ихээхэн хөдөлмөрлөх шаардлагатай болдог, учир нь оддын үүслийн нууц хөнгөн гэрэлтсэн хий-тоосон үүлний цаана нуугдсан байдаг. Бүх орчлон ертөнцөөр яг одоо одод төрж байна. Асар том хий-тоосон мананцар дөнгөж сая төрсөн оддын цацрагаар гэрэлтэж байна. Хабблын хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нээлтүүдийн нэг бол Орионы мананцарын гүнд шинэ төрсөн одыг тойрсон тоосон зээрэнцэг юм. Энд бид үнэн чанартаа шинэ нарны аймгийн үүслийг харж байна. Удахгүй энд яг л 4,5 тэрбум жилийн өмнө манай нарны аймгийн гарагууд үүссэн шиг гарагууд бүрэлдэн бий болно.
Амьдралынхаа эхний жилүүдэд одод үүссэн үүлнээсээ хий цуглуулах чадвартай байна. Од руу унаж байгаа бодис халалтын улмаас одны эргэлтийн тэнхлэгийн дагуу дамжин хөдөлж бөмбөлөг, заримдаа урсгал үүсгэнэ. Нэг хий-тоосон мананцар дотор хэд хэдэн од үүсэх нь элбэг тохиолдоно. Зарим нь хөгжлийнхөө онцлогоос хамааран бүх амьдралынхаа турш зэрэгцэн оршдог. Бөөгнөрсөн одод ихэвчлэн нас ижил, харин жингээрээ өөр байдаг. Энэ нь тэдний ирээдүй хоорондоо маш ялгаатай гэсэн үг юм. Оддын амьдралын хажууд хүний амьдрал бол дэндүү өчүүхэн хором. Иймээс хүн төрөлхтөн одны амьдралын янз бүрийн үе шатуудын хоорондох шилжилтийг ажиглах нь азтай тохиолдол гэж хэлж болно. Хаббл 15 жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийнхөө явцад зарим оддын насны өөрчлөлтийг бодитой ажиглах боломж бидэнд олгосон. Зарим оддын гадаад хэлбэр астрономийн хугацааны өчүүхэн төдий завсарт хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан гайхалтай зургийг Хаблл явуулсан. Жин ихтэй одод хэт шинэ одны дэлбэрэлт гэж нэрлэгддэг өөрийгөө сүйтгэгч дэлбэрэлтээр амьдралаа дуусгана. Харин хэдэн сарын дараа тэд галактик доторхи бусад оддоо бүдгэрүүлэн тэнгэр дэх хамгийн тод объектууд болон гарч ирдэг. 1990 онд хөөрснийхөө дараахан Хаббл 1987А гэдэг хэт шинэ одны дэлбэрсэн газарт хэт шинэ одны үлдэгдлийг тойрсон тоосон цагираг байгааг олж тогтоов. Хаббл цагираг дотор зүүлтэнд шигтгэсэн үнэт чулуу мэт тод өнгийн толбонууд гарч ирэхийг мөн ажиглажээ. Эдгээр сансрын сувднууд нь од дэлбэрэх үед үүссэн хэт авианы долгионоор цэнэглэгддэг, дэлбэрсэн одны үлдэгдлүүдэд халхлагдсан маш хүчтэй энергийн эх үүсвэр байж магадгүй юм. Хаббл 1054 онд хятадын одон орончдын тэмдэглэн үлдээсэн одны дэлбэрэлтийн үлдэгдэл болох хавч хэлбэрийн мананцрын нууцлаг зүрхийг судалж мананцрын хүндийн төвийг тодорхойлсон байна.  Мананцрын төвд онцгой төрлийн – пульсар од нуугдаж байжээ. Энэ од яг л гэрэлт цамхаг адил эргэлдэж, нарийн зурвасан цацрагаар гэрэл болон бусад энергийг цацаргахаас гадна хүрээлэн байгаа хий-тоосон мананцраа энергиэр хангаж байдаг. Гэвч бүх одны төгсгөл ийм байдаггүй. Нартай төстэй однууд устөрөгч нь дууссаны дараа хөрч, төвийн хэсгүүд нягтран хүнд элементүүд шатаж эхэлснээр гадаад давхрагууд нь тэлж эхэлдэг. Хувьслын ийм шатанд явж байгаа одыг улаан аварга од гэж нэрлэдэг. Манай Нар хэдэн тэрбум жилийн дараа улаан аварга од болж хувирна. Энэ үед нар Буд, Сугар, болон манай дэлхийг хаман залгина. Цөмийн түлш шатаж дуусах сүүлчийн шатанд одны салхи одыг дотроосоо үлээн асар том улаан бөмбөлөг болон хувиргана. Тэлж байгаа бодисын төвд энэ хийн үүлийг гэрэлтүүлсээр тод од гарч ирдэг. Анхны дуран авай бүтээх үед энэ үзэгдэл тухайн үед нээгдээд удаагүй байсан Уран гарагтай төстэй харагдаж байсан учир тэдгээрийг гараг хэлбэрийн мананцрууд гэж нэрлэдэг болсон. Хабблын хурц хараа гараг хэлбэрийн мананцрууд нь яг л эрвээхэйнүүд шиг, хоёр ижилхэн байдаггүй гэдгийг олж харжээ. Хабблын цуглуулсан гараган мананцруудын гайхамшигтай цуглуулгыг бид харж байна.
Агаар мандлын нөлөөнөөс ангид, асар өндөрт байрладаг онцгой байрлалынхаа ачаар Хаббл эдгээр мөхөж байгаа одод гадаад бүрхэвчнүүдээ хэрхэн залгих үйл явцыг дэлгэрэнгүй ажиглах боломжтой цорын ганц дуран юм. Энд та бүхэн Хабблын 1994-2002 онуудад авсан зурагнуудыг харж байна.
Манай нар шиг хийн бөмбөлөг эцэстээ яаж ийм ээдрээ төвөгтэй бүтэцтэй болж хувирдгийн учрыг олох нь орчин үеийн астрофизикийн агуу зорилтуудын нэг юм. Зарим гараган манацрууд эсрэг чиглэлд эргэлдэж байгаа 2 урсгал сансрын цэцэрлэг дэх усыг сарниан тарааж байх мэт харагдаж байгаа биз. Эдгээр гайхалтай объектууд нь хоршигч-одны гадагш шидэгдсэн хийнүүдийг урсгалд татан оруулдаг соронзон орны үйлчлэлээр бий болсон ч байж болох юм. Ямар ч шалтгаантай үүссэн бай сансар огторгуй дахь эдгээр цэцгүүд 10 мянган жил амьдардаг. Дэлхий дээр цэцгүүд эцэстээ газрын бордоо болж дараагийн дараагийн цэцгүүдийн ургах нөхцөл болдог шиг одны бүх л амьдралынхаа турш үйлдвэрлэсэн химийн элементүүд гараган мананцар болон тархаж, сансар огторгуйд дахин шинэ үе, одод, гарагууд, магадгүй шинэ амьдралыг бүтээх үндэс болдог. Сансрын цаг хугацааны масштабаар тэдний амьдрах хугацаа богинохон тул манай галактикт 15000 –аас илүү гараган мананцар нэгэн зэрэг оршин байх боломжгүй. Мөхсөн одны өөрийнхөө дараа үлдээсэн жижигхэн зүрх л түүний дурсгал болон үлддэг. Цагаан одой од гэж нэрлэгддэг хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо боловч асар их нягт, масстай энэ од одны амьдралын сүүлчийн үе бөгөөд олон тэрбум жилийн турш дотоод энергиэ сансар руу алдсаар температур нь Цельсийн -270 градус хүрэхэд бүрмөсөн хөрдөг.

Сансар дахь мөргөлдөөнүүд
Бид тэнгэрийн заадас буюу “Сүүн зам” гэж нэрлэгддэг асар том оддын систем болох галактик дотор амьдарч байна. Сүүн замыг хажуу талаас нь харвал, төвөөсөө салбарлан салсан 2 мөчир бүхий аварга том спираль хэлбэртэй харагдана. Систем бүхэлдээ эргэлдэж байдаг. Галактик нь тоо томшгүй олон оддоос гадна харагддаг хий, тооснууд, мөн бараан матери гэгдэх харагддаггүй, үл мэдэгдэх бодисуудаас бүрдэнэ. Бидний гэр болох манай нарны аймаг төвөөсөө алс хол, Сүүн замын захад, 2 мөчрийн нэг дээр оршдог.
Саргүй цэлмэг шөнө бид 5000 орчим хамгийн ойрын оддыг харж чадна. Алсын оддын гэрэл одод хоорондын тоосонд шингэн ууссан байдаг учраас бидний нүд 1000 гэрлийн жилээс цаашхи зайд байгаа оддыг харж чадахгүй. 100 000 гэрлийн жилийн зайд сунан тогтсон сүүн замын зөвхөн жаахан хэсгийг л бид дуран авайгүйгээр харж чаддаг. Сүүн зам ихэнх нь нартай төстэй 150 тэрбум оддыг багтаадаг. Зуу зуун сая гэдэг төсөөлшгүй тоо боловч, энэ бол зөвхөн эхлэл юм. Одон орончид Орчлонд зуун тэрбум гаруй галактик байдаг гэж таамагладаг. Тэгвэл одод хичнээн байх вэ?
 - Атга элсэнд 50000 элсний ширхэг элбэг багтана. Сүүн замд байгаа оддын тоог элсний ширхэгээр тооцоолох гэвэл бүтэн наран шарлагын газар хэрэгтэй болно. Орчлонд хэмжээлшгүй олон одод байдаг ба Дэлхий дээрх бүх наран шарлагын газрын элсний ширхэг бүрийг тоолж байж оддын бүрэн тоо хэмжээний талаар ямар нэгэн баримжаатай болох юм.   1 миллиметрийн диаметртэй элсний ширхгийг аваад түүнийг Нар гэж төсөөлье. Тэгвэл эндээс хамгийн ойрын од хүртэл 30 км-ийн зайтай бөгөөд явган явж хүрэхэд өдрийн ихэнхийг зарцуулна.
    Үүнээс харахад галактик оддоос гадна асар их хэмжээний хоосон орон зайгаас бүрддэг байна. Хэрэв бид Сүүн замын оддыг нэг газар бөөгнөрүүлж чаддаг бол тэд Нарнаас хамгийн ойрын од хүртэлх зайнд хөнгөн багтана. Үнэн хэрэгтээ энэ эзэлхүүнийг бүхэлд нь дүүргэхийн тулд Орчлон дахь бүх галактикуудын оддыг багцлан боох хэрэгтэй болно. Шөнийн тэнгэрийг харж байхад орчлон хөдөлгөөнгүй юм шиг санагддаг нь бидний амьдрал Орчлонгийн цаг хугацааны далайд дусал төдий гэдгийг харуулж байна. Орчлонгийн хөдөлгөөнийг ажиглахын тулд бидний амьдралаас хавьгүй илүү хугацаа шаардагдана. Хэрэв бидэнд хангалттай хугацаа байсан бол одод болон галактикууд хэрхэн хөдөлдөгийг харж болох байсан. Одод Сүүн замын төвийг тойрон эргэдэг, харин ойрхон галактикууд гравитацийн улмаас бие бие рүүгээ татагддаг. Заримдаа мөргөлдөх тохиолдол ч бий. Хаббл дуран бие биендээ холилдон нийлж байгаа олон тооны галактикуудыг ажиглажээ. Галактикууд таталцлын харилцан үйлчлэлийн улмаас бие биедээ ойртон татагдаж, янз бүрийн хэлбэрт орон, эцсийн бүлэгт эргэлт буцалтгүй холилдон нийлдэг. 2 галактик мөргөлдөж байгаа нь 2 машин мөргөлдөх, эсвэл 2 бильярдны бөмбөлөг мөргөлдөж байгаатай огт адилгүй, харин бидний гарынхаа хурууг салаавчлан хумхихтай илүү төстэй. Галактикийн ихэнх одод мөргөлдөөнийг ерөнхийдөө тайван давж туулж хий, тоостой хамт татагдан, зуу мянга, түүнээс ч илүү гэрлийн жилийн зайд сунасан урт сүүл үүсгэнэ. Таталцлын тэврэлтэнд орж бие биедээ баригдсан 2 галактик оддоос улам их хий шахан гаргаж урт сүүл үүсгэн таталцлын ерөнхий төвөө тойрон эргэлдсээр хэдэн зуун сая жилийн дараа нэг нэгдмэл болж нийлнэ. Одоогийн ихэнх галактикууд, түүний дотор манай Сүүн зам олон тэрбум жилийн өмнө жижиг галактикууд холилдон нийлснээс үүдэлтэй гэж таамагладаг. Галактикуудын байж боломгүй их хүчтэй харилцан үйлчлэл томоохон хийн үүлнүүдэд одод дэлбэрэн үүсэхэд хүргэж тараан цацсан эрдэнийн чулуу мэт харагдах оддын бөөгнөрлийг бий болгоно. Манай Сүүн зам хамгийн ойр орших аварга галактик Адаг чуулганы мананцарын зүг цагт 500 000 км-ийн хурдтай хөдөлж байгаа ба 3 тэрбум жилийн дараа мөргөлдөнө. Шууд мөргөлдөөний үр дүнд 2 галактик холилдон нийлж манай Сүүн зам одоогийн спираль галактик байхаа болино. Үүний оронд Сүүн замын одод, Адаг чуулганы мананцарын одод аль алиныг нь багтаасан асар том зууван буюу эллипс хэлбэрийн галактик болж хувирна.

Сансрын аймшигууд
Хар нүх – энэ бол эргэн тойрныхоо бүх зүйлийг өөртөө шингээн, юу ч гадагшаа гаргадаггүй Орчлон дахь нууцлаг цөмөрхий юм. Хар нүхний дотор юу байгааг одон орончид мэдэхгүй. Хар нүхний татах хүчний үйлчлэлийн хүрээнээс ямар ч мэдээлэл гадагшаа гарч чаддаггүй, гэрэл ч гарч чадахгүй. Дотор нь юу байгааг мэдэх арга байхгүй. Тэгвэл бид хар нүх байна гэдгийг яаж мэдсэн бэ?
- Хар нүхийг шууд ажиглах боломжгүй. Гэвч одон орончид гравитацийн илүүдэлтэй байдаг чанарыг нь ашиглан хар нүхний шууд бус нөлөөнүүдийг судалж чаддаг. Хар нүхнүүд эргэн тойрондоо хэмжээгүй их долгисол үүсгэдгийг Хаббл дурангийн тусламжтай ажиглан энэ орон зайд хэт их татах хүч хуримтлагдаж байгааг, түүгээр ч зогсохгүй биет хар нүх рүү хэт ойртох үедээ хонх адил жингэнэн дугардгийг тогтоожээ. Энэ бол 250 сая гэрлийн жилийн тэртээх хар нүхний орчмоос гарч байгаа дуу авиа бөгөөд жинхэнэ хөгжмийн нот гэж хэлж болно. Хар нүх рүү унаж байгаа биет түүнийг тойрсон зээрэнцэг үүсгэх ба энэ дуу авиа зээрэнцгийг туулж гарсны дараа хүний чих хүлээж авч чадах давтамжтай болдог ба үнэхээр л 57-р октав дээр дугарч байгаа си бемольтой адил сонсогдоно. Одон орончид хар нүх бол сингулярность буюу огторгуй дахь цэгнүүд гэж таамагладаг. Тодорхой хэлбэр, эзэлхүүн байхгүй боловч хязгааргүй нягттай.

0 comments:

Post a Comment