Sunday, May 11, 2014

Сүүлт одны тухай домог (эхлэл хэсэг)

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс нар, сар, оддыг ажиглаж, тэдгээр нь цаг хугацаанаас хамааран тодорхой давтамжтайгаар өөр өөр дүр төрхийг үзүүлдэг гэдгийг ойлгож мэджээ. Дундад зууны эрдэмтэд ч сансар огторгуйн үзэгдлүүд нэгэнт тогтсон горимын дагуу явагдаж, түүнд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэж байв. Гэвч салхи, бороо, байгалийн үзэгдэл мэт гэв гэнэт үзэгдэж, гэв гэнэт алга болох сүүлт од хүмүүсийн ойлголттой зөрчилдсөн, учир битүүлэг, нууцлаг зүйл байжээ.



Хүмүүс сүүлт одны нууцыг нээж, өөрсдийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг мэдэхийг хичээсээр ирсэн юм. МЭӨ 2-р зууны үед хятадууд сүүлт оддыг ажиглаж 29 төрөл зүйлд ангилан хувааж байсан баримт түүхэнд үлдсэн байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс сүүлт одыг сүсэг бишрэлтэй холбон ойлгож, бурханы илгээмжид тооцож байв. Сүүлт од үзэгдэхэд хаадын үхэл, дайн байлдаан, халдварт өвчний дэгдэлт, байгалийн ноцтой гамшиг тохионо хэмээн таамаглах одон орон судлаачид ч байв.

Чингэс хаан тухайн үед үзэгдсэн томоохон сүүлт одыг ази болон европийг эрхшээлдээ оруулахыг илэрхийлсэн тэнгэрийн зарлиг хэмээн хүлээн авчээ. Английг булаан эзэлсэн 1-р Виллиамын хувьд 1066 онд үзэгдсэн сүүлт од амжилтын билэгдэл байв. Түүний баталгаа болгон тухайн үеийн түүх дурсгалын зүйлүүдэд сүүлт одыг олноор дүрслэн үлдээжээ. Сүүлт од урт удаан хугацааны туршид хүмүүсийн хувьд мухар сүсгээр тайлбарлагдаж, амьдрал үхлийг зөгнөдөг хэмээн ойлгогдсоор ирсэн юм.


Харин нэлээд сүүлд, 17-р зууны үеэс эрдэмтэд сүүлт одыг шинжлэх ухааны үүднээс судлах эхлэл тавигджээ. 1680 онд алдарт Исаак Ньютоны нүдэнд туссан нэгэн сүүлт одны гэрэл сансар огторгуйн талаархи хүн төрөлхтний ойлголтыг эрс өөрчилсөн юм. 11 сарын 19-ний өглөөний 4 цаг 30 минутад Кэмбрижийн их сургуулийн нэгэн оюутан сүүлт од үзэгдсэнийг гэрчилжээ. Мөн өдрийн үдээс хойш Нью-Ингландийн Бостонд адил сүүлт од ажиглагдсан тухай тэмдэглэл үлдсэн байна.

Энгийн нүдэнд харагдахуйц тод гэрэлтэй сүүлт од 1680 оны 10-аас 11 сарын хооронд үзэгдээд нарлуу чиглэн алга болов. Харин сарын дараа нарны эсрэг талаас дахин үзэгдэж 1681 оны 3-р сар хүртэл ажиглагджээ. Хэрэв эдгээр нь нэг сүүлт од байгаад нарыг тойрсон гэж үзвэл түүний траектор ямархуу хэлбэртэй байхыг Ньютон зураглан үлдээсэн байна. Түүний тооцоогоор сүүлт од 10-11 сарын хооронд дэлхийн тойрог зам болон нарны ойролцоо иржээ. Харин нарыг тойрох үед хэсэг хугацаанд үзэгдэхээ байгаад, дараа жилийн 3 сар хүртэл дахин үзэгдэнэ гэдгийг уг траектор зураг илтгэж байв.




Сүүлт од юуны учир нарыг тойрох хөдөлгөөн хийх болов. Нар болон сүүлт одны хооронд нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн хүч үйлчилж байгаа юм биш биз гэдгийг Ньютон анзаарчээ. Тэрээр уг нууцлаг хүчийг гравитацийн хүч хэмээн нэрлэв. Үнэн чанартаа Ньютоны толгой дээр алим унаснаас бус, түүний хийсэн сүүлт одны ажиглалт ертөнц дахины таталцлын хуулийг нээхэд хүргэсэн юм. Ньютон сүүлт одыг бусад гариг эрхэстэй адил нарыг тойрон эргэдэг гэж үзээд, тодорхой хугацааны дараа дэлхийн ойролцоо дахин эргэж ирнэ хэмээн таамаглав.

Траекторыг нь нарийвчлан тооцох замаар сүүлт од дахин үзэгдэх хугацааг тодорхойлж болно гэдгийг ойлгосон Ньютон өөрийн найз, одон оронч Эдмонд Халлейгийн хамт судлаж эхлэв. Гравитацийн хүчний томьёоллыг боловсруулж, сүүлт одны эргэлтийн давтамжийг тодорхойлж чадвал сүүлт одод нарыг тойрон эргэдэг хэмээх Ньютоны таамаглалыг батлах боломжтой. Нөгөө талаас сүүлт од байгалийн үзэгдэл бус сансар огторгуйн нэгэнт тогтсон зүй тогтлын дагуу үзэгддэг гэдгийг давхар нотлоно.


Халлей өмнөх цаг үед бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн, сүүлт оддын хэлбэр, үзэгдэх өнцөг болон нар хүртэлх зайг тооцоолж, адил төстэй шинж чанар байгаа эсэхийг судалсаны эцэст 3 сүүлт од түүний анхаарлыг татсан байна. Эхний 2 сүүлт од 1531, 1607 онд тус тус үзэгдсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн бол 3 дахь сүүлт одыг 1682 онд өөрийн нүдээр ажиглажээ. Тэдгээрийн үзэгдэх хугацаа 75 жилийн зайтай байв. Халлей эдгээр сүүлт оддыг нэг сүүлт од хэмээн зарлаж, дараагийн удаад 75 жилийн дараа 1758 оны эцэс, 1759 оны эхэн үеэр дахин үзэгдэнэ хэмээн таамагласан нь тухайн цаг үеийн эрдэмтэн хүний хувьд хэтэрхий эрс шийдэмгий дүгнэлт байв.

1758 оны 12 сарын 26-нд Германы эрдэмтэд уг сүүлт одыг ажиглаж, түүхэн таамаглал батлагдах үед Ньютон ч, Халлей ч аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байсан юм. Мухар сүсгийг ялж, шинжлэх ухаанд оруулсан үнэт хувь нэмрийг нь үнэлсэн эрдэмтэд уг сүүлт одыг Халлейн сүүлт од хэмээн нэрлэжээ. Халлейн сүүлт од нэлээд нарийн тогтсон давтамжтайгаар ажиглагддаг болохыг түүхэн мэдээллүүдээс мэдэж болно. Хамгийн анхны ийм мэдээлэл МЭӨ 164 оны Вавилоны бичээст тэмдэглэгдэн үлджээ.

Чингэс хаан, 1-р Виллиам нарын үед үзэгдсэн сүүлт од бурхан, тэнгэрийн зарлиг бус тодорхой давтамжаар үзэгдэх Халлейн сүүлт од байсан юм. Уг сүүлт од хамгийн сүүлд 1986 онд дэлхийд ойртон ирэх үед хиймэл дагуулийн тусламжтайгаар түүний цөмийн зургийг авч дэлхий даяар шимтэн сонирхсон билээ. Халлейн сүүлт од дараагийн удаад 2061 онд ажиглагдах болно.


Ньютон, Халлей нараас хойш 300 жилийн дараа л сүүлт одны талаархи нарийвчилсан судалгаа хийгдэж, хүмүүсийн амьдралд үзүүлэх (үзүүлсэн) нөлөөлийг тодорхойлж эхэлж байна. Сүүлт одны цөм маш жижиг хэмжээтэй учир гэрлийг бараг ойлгодоггүй, иймд барагтаа л бол үзэгдэхгүй. Энэ байдал нь сүүлт оддыг илрүүлэхэд хүндрэл үүсгэж байв. Сүүлт одны траектороос харахад тэдгээр нь нарны аймгийн гаригуудаас ч илүү хол, алс сансараас ирдэг болохыг мэдэж болно. Гэхдээ яг хаанаас ирдэгийг тодорхойлох нь тийм ч амар хялбар ажил байгаагүй юм.

Одон орончид Далай ван гаригийн тойрог замын гадна талд сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулах Кюперийн хэмээх бүс (Kuiper Belt) оршин байгаа гэж үзээд 1940-өөд оноос түүнийг эрж хайж эхэлжээ. Гэвч хэдэн арван жил үргэлжилсэн эрэл хайгуул амжилтгүй болж Дэлхий ван гаригаас өөр зүйл дуран авайд нь харагдсангүй. Ихэнх одон орончид мухардаж судалгаагаа зогсоож байсан боловч тэдний дунд бусдын жишгийг дагаагүй 2 эрдэмтэн байв.


Жэйн Лиу, Дэвид Жевит нар 1987 оноос Хавайн аралд байрлах дуран авайн тусламжтайгаар ажиглалтаа эхлүүлжээ. Тэд 5 жилийн дараа жижиг хэмжээний тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнийг ажигласан нь Кюперийн бүст хамаарах хамгийн анх илэрсэн сансарын биетэд тооцогдож 1992QB1 хэмээн нэрлэгдэв. Түүнээс хойш Далай вангийн тойрог замын гадна талд байрлах 1000 орчим ийм биетийг илрүүлээд байна. Энэ нь уг бүст хамаарах биетүүдийн өчүүхэн хэсэг нь бөгөөд тэнд 3 тэрбум км-ээс өргөн орон зайд нийт 6 тэрбумаар тоологдох сансарын биет байгаа хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.


Тэдгээр биетүүдийн зарим нь эргэлтийн явцад хоорондоо мөргөлдөн тойрог замаасаа гажиж, нарны аймгийн дотор орж ирэх бөгөөд богино давтамжит сүүлт од хэмээн нэрлэгдэнэ. Ийм сүүлт од 10-20 жил хүртэл харьцангуй богино хугацаанд нарыг тойрдог. 75 жилд нарыг тойрох алдарт Халлейн сүүлт од мөн энэ ангилалд хамаарана. Харин 200-аас хэдэн сая жилийн урт давтамжит сүүлт одод нь Кюперийн бүсээс ч алс хол байрлах Оортын үүлнээс ирдэг гэж үздэг.

Дэлхийгээс нар хүртэлх зайнаас 50000 дахин хол байрлах Оортын үүл нь нарны аймгийн хамгийн гадна талын бүс бөгөөд хэдэн миллиардаар тоологдох сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулдаг. Нарны аймаг үүсэн бий болох үед сансарын биетүүдийн мөргөлдөөнөөс цацарсан жижиг хэсгүүд сансарт тархаж Оортын үүлийг үүсгэжээ. Иймд сүүлт одны судалгаа нарны аймгийн үүсэл хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

0 comments:

Post a Comment