Анаксимандр (МЭӨ 610-546)
Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.
Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв.
Анаксимандрын амьдралын тухайд гэвэл бид тун багыг мэднэ. Түүний үзэл санаа бусдын бүтээл дээрээс л бидэнд өвлөгдөн ирж. ”Байгалийн тухайд” ном нь Барууны ертөнцийн анхны гүн ухааны бүтээл байж болох. Бидний үеийг хүртэл Анаксимандрын өөрийн гараар бичсэн гэгдэх хоёрхон өгүүлбэр шүлэг өвлөгдөн ирсэн юм.
Бүх юмс эхлэлтэй байдгийн адилаар
Тэр бүхэн устаж үгүй болно. энэ бол ертөнцийн эмх цэгц.
Эмх цэгцийн дагуу нэг зүйлд өгөх шийтгэлийг нөгөөгийн дараа гүйцэтгэнэ
Гэмт хэргийн шийтгэлтэй эгээ адилаар
Гүйцэтгэлийг цаг хугацааны хууль тогтоомжинд тааруулж үйлдэнэ.*
* Анаксимандр утга зохиолоо шүлгийн хэлбэрээр бичдэг байсан дээр тулгуурлан ийн сийрүүлэв.
Энэхүү 2 хэсэгхэн бичвэр Барууны гүн ухаанд тун их алдартай, их ч олон хэлэлцэгджээ. Энэ үгсийг МЭ 6-р зууны Византийн гүн ухаантан Сицилийн Симплиций шууд эш татсан байдаг. Сонирхолтой нь Платоны үед Анаксимандр Грек нутагтаа ор тас мартагдсан байжээ. Гагцхүү Аристотель нар түүний үзэл санааг дахин хэлэлцэж эхэлсэн нь азтай хэрэг.
Анаксимандр аянга, цахилгаан мэтийн байгалийн үзэгдлийг бурхдын нөлөөнөөс хамааралгүй байх ёстой гэж үзжээ. Тэр үедээ бол зоримог шийдвэр. Тэрээр аянгыг үүл хоорондын харшилтаас үүсдэг бөгөөд гарах дууны чанга сул нь харшилттай шууд хамааралтай гэж үзэж. Цахилгаан цахихгүй дан ганц аянга нүргэлэх нь оч манаруулах хэмжээнд хүрэхгүй сул харшилдаан болж таарах юм.
Одон орон, космологи
Анаксимандр дэлхий дахины үзэгдлийг тодорхойлоод зогсохгүй од эрхсийн тухай тайлбарлах гэж оролджээ. Анаксимандрын гаргаж ирсэн нээлттэй ертөнцийн дүр зураг нь урьд урьдийн үзэл санаанаас ялгаатай. Тэрээр таамгийн астрономын талбарт анхдагч билээ.
Анаксимандрын гаргаж ирсэн гурван том санаа нь энэ:
- Од эрхэс дэлхийг урдуур нь, мөн араар бүтэн эргэж тойрдог
- Дэлхий огторгуйд ямар нэг хүчний тусламжгүйгээр оршин байдаг
- Од эрхэс бие биенээсээ хол хол тодорхой зайд оршино.
Анаксимандрын хувьд дэлхий дугариг атлаа цилиндр хэлбэртэй ажээ. Өөрөөр бол дэлхий намхан бөмбөртэй төстэй аж. Анаксимандр өөрийн цилиндр хэлбэрт дэлхийн газрын зургийг гаргасан байдаг.
Хамгийн сонирхолтой нь Анаксимандр сар, нарнаас одод дэлхийд илүү ойр байдаг гэж үзсэнд байгаа юм. Анаксимандр оддын хөдөлгөөнийг ажихдаа сарны цаагуур одод орохыг ажигласан байх учиртай. Гэвч Анаксимандр ийм шийдэд хүрсэн нь магад сарны хүчтэй гэрэл оддын сул гэрлийг дардаг учраас од сарны урдуур өнгөрөхдөө харагдахгүй мэт болдог гэж үзсэн байх талтай.
Анаксимандрын энэхүү үзэл тухайн үеийн Грект гарсан гэхэд тун сонирхолтой ойлголт байлаа. Тиймээс ч Анаксимандрын ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн ойрхи дорнодын гүн ухааны үзэл нөлөөлсөн гэлцдэг. Ямартай ч Анаксимандрын үе нь Тэнхлэгийн эрин буюу Энэтхэг болон Перс, бусад ойрхи дорнодын орнуудад гарсан хувьсгалт санал сэдлүүдийн эрин байжээ. “Хувьсгалт” хэмээх орчин үеийн нэршлийг хэрэглэсний учир юу гэвээс энэхүү шинэ төрлийн үзэл санаанд бүх үзэгдлийг Бурхадтай холбох санааг үгүйсгэсэн байдаг ажээ.
Нар, сар, од эрхэс ямар учиг шалтгаантай тойрог хөдөлгөөн хийдэг эсэхийг тайлбарлахдаа Анаксимандр галт эргүүлгийн санааг гаргаж ирсэн байдаг. Энэх галт эргүүлэг дээрх жижиг цоорхойнууд нь одод болон гялалзана. Нар сарны галт эргүүлэг нь харин тус тус цор ганц цоорхойтой ажээ. Нарны галт эргүүлгийн цоорхой хаагдах үеэр нарны хиртэлт болох учиртай.
Анаксимандр дэлхийгээс одод хүрэх зайг 9 нэгжээр тооцсон байдаг. Нэг нэгж нь Дэлхийн диаметр юм. Яагаад заавал 9 гэж? Үүний учир Хесиод болон Хомерийн туульстай холбоотой байх талтай. Трой хот 9 жил тэмцсэний эцэст 10 дахь жилдээ Грекчүүдэд бууж өгдөг. Одиссей 9 жил энэ тэрүүгээр явсны эцэст 10 дахь жилдээ гэртээ эргэж ирдэг. Тиймээс 9-ийн тоо нь маш урт удаан буюу их холыг илтгэдэг байжээ. Сар дэлхийгээс 18 нэгж зайд, нар 27 нэгж зайд оршино.
0 comments:
Post a Comment